Газрын шарх аних нь цаг хугацааны жам бус хариуцлагын дэвшил юм байна
Улаанбаатарын баруун зах болох 22-ын товчоог өнгөрөх ахуйд хээрийн эмнэг салхи биднийг угтав. Машины цонхоо нээхэд хангал салхины ааг омгийг мэдрэх агаад санаа сэтгэл уужран тэлэх мэт. Өнөө л яарч, тэвдсэн улс чинь гэнэт л хөдөө гараад гэгээрэх нь энэ дээ. Хэдийнээ намрын эхэн сартай хорвоо дэлхий золгосон ч хөх ногооны униар татсан хэвээрээ байна билээ. Тамирдсан өвс, тасарсан навчис үгүй. Нар тээр дээрээс төөнөж байна. Таван ханатай гэрийн зүүн талыг бүтэн тойроод тотго түшин, унь дамжсаар тооноор гарах нуу гэлтэй нар өндрөөс өндөрт. Харин бид чанх дор нь газрын хар судал мэт засмал замаар Булган аймгийн зүг жолоо залсан юм. Байгаль дэлхий хар нялхаараа байх шиг. Энэ чинь есдүгээр сар шүү дээ. Өдийд чинь хөсөг нүүдэл хөвөрч, айлууд намаржаа руугаа ойртож байдагсан. Хот айлууд холдож нүүгээд л.
Тэгэхэд зуны дэлгэр цаг мэт айлууд хаалга ярайтал нь нээчихсэн, юун намар, өвөл, бас хавар. Бүгдийг мартчихсан уу гэж сануулмаар ажин түжин харагдана. Намар гэж зун мэт. “...Зүлгэн дээр гэрээ бариад” Монголын их амар амгалан хөдөөгийн замд тохиолдох нь Марзан Шаравын “Монголын нэг өдөр” алдарт уран зургийг санагдуулах шиг.
Газар тариалангийн бүс нутагт уурхайн хаалт үзнэ
Авто замын зураг дээр Булган аймгийг харахад энүүхэнд мэт санагдах авч холоос хол юм. Зам гэдэг зураг боловч зөндөө л хагархай, хонхор, хотгор, гүдгэр нь хааяа тух алдуулнэ. Энэ чиглэлд зам тавьсан тендерийн компанийн эрэл суралд биднийг мордуулах нь нэн хөгжилтэй. Тэгээд л айрагны тухай яриа хөөрөө дэлгэрч, аж үйлдвэрийн Эрдэнэт хотод түр саатлаа. Эндээс Булган юухан байхав гэлцэнэ. Нээрээ ч юухан билээ. Анхдагчдын өлгий, Олимпийн аваргын төрсөн нутагт 300 гаруй хүний нүсэр “дисант” буув. 520 гаруй км замын аялалын жолоо, чулбуур ийн эвхэгдэж, ажил хэрэгч байдалд төд удалгүй бид шилжлээ.
Уул уурхайн салбарынхан энэ сарын 15-17 ны өдрүүдэд “Уурхайн хаалт ба нөхөн сэргээлт” чуулганыг тав дахь жилдээ Булган аймагт зохион байгуулах гэж байгаа нь энэ л дээ. Аймгийн төвөөс зургаан км-ийн зайтай “Анаг тур” жуулчны баазад дээхнэ үед сайд дарга нар амарч, толгой тархиа сэргээдэг байсан бол одоо бидний ээлж ирсэн байж. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг үзэж харахаар хэвлэл мэдээллийн байгууллагын цомхон баг явсан юм. Бид өөрсдийн “вант улс”-аа байгуулав. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг маргааш чихээр сонсож, нүдээр үзэж, гараар мэдэрч танилцахаар зүүд нойрондоо аялалцгаалаа.
Хөхөө донгодох дуунаар сэрэв. Намрын нар, навчны өнгө уусан нэгдэх ойн шугуй. Горхины чимээ, адууны бараа гээд монголын минь хөдөө нүд дүүргэн үзэгдэнэ. Эд эс сэргэх шиг болов. “Ориг” байгалаа өглөөний нарнаар ийн тольдон гэгээрч, олзуурхан баяслаа, манайхан.
Газар тариалагийн гол бүс нутаг болох Булган аймагт уурхай нээгдээд, өнөө маргаашгүй хаалтаа хийх гэж байна. Түүнийг нь бид бичиж, сурвалжилна, олон нийтэд хүргэх үүрэгтэй. Ямархуу дүрх төрх 300 хүний 600 нүдэнд тусах бол. Нөхөн сэргээлтийг нь үзэх гэж яарч л явлаа. Сайхан сумын айраг яагаад амттай, нэг л өөр байдаг юм бол гэж өөр зуураа бид хэлэлцдэг. Гэтэл үнэндээ тэндэхийн өвс ургамал, агаар салхиндаа л гол нууц нь оршиж байдагтай холбоотой бололтой.
Сайханчуудын хүлээлт
“Пийбоди Энержи” компани Булган аймгийн Сайхан сумын Эрээний нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг хийж, 16 га талбайг нөхөн сэргээж, олон наст өвс ургамал бүхий чанарлаг бэлчээрийг бий болгохоор худаг, усан сан байгуулсан гэсэн анхны мэдээг албаны хүнээс нь сонсов. “Пийбоди” компанийн хувьд АНУ-ынх. Уул уурхайн салбартаа 126 жил ажилласан туршлагатай гэх мэдээллийг өмнө нь дуулаад “лут амьтад” гэж төсөөлсөн юм даг.
Улаанбаатарын “А” зэрэглэлд багтах, хамгийн өндөрт тооцогдох “Моннис” цамхагт “Оюутолгой” компанитай айлсан амьдрах “Пийбоди” үнэхээр хүчирхэг санагдсан. “Оюутолгой”-гоос ч дутахгүй бүтээн байгуулалтыг монголын дэд бүтэц сульдсан хөдөө нутагт хийх нь гэж битүүхэн хүлээсэн. Булганы Сайханчууд бүгдээрээ л ингэж горьдсон гэсэн. Уг компани нь Тавантолгойн ордын сунгаанд уралдахаар хүчээ нөөж байгаа гэдгийг нь ч мэдэх юм. Ийм компанийн нөхөн сэргээлт нүцгэн хөндийг хэрхэн өөрчилсөн бол гэж догдлох сэтгэл төрнө.
Өнөө жилийн чуулганыг МХЕГ, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн /BGR/, Монгол Герман хоёр улсын хамтын ажиллагааны төсөл, “Одод гоулд”, “Пийбоди Винсвей Ресорсез” компани хамтран зохион байгуулж байгаа юм байна. Тал талаасаа л инж, хөрөнгөө нийлүүлж Булган хангайд хурлын зарыг тараасан нь ийн биелэлээ олов. Чуулга уулзалтыг МХЕГ-ын дарга Я.Содбаатар нээх байсан боловч тэрбээр ирсэнгүй. Сураг сонсох нээ Засгийн газрын хуралдаанд дуудсан гэнэ. Даргын өмнөөс МХЕГ-ын БОАЖГУУХГ-ын дарга Н.Батбаяр чуулга уулзалтыг нээв. “Гадаад орнуудын уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн туршлагаас МХЕГ-ын ГУУХХ-ийн дарга Б.Баатарцогт хуваалцсан юм. “Хаалт гэдэг нь цэвэр нөхөн сэргээлт бас биш ээ. Улсын мэдэлд хаалтын төлөвлөгөө алга байгааг, мөн хаалтын сан хуримтлуулахр хэрэгтэй” байгааг ШУТИС-ын Уул уурхайн судалгааны төвийн дэд захирал М.Дагва тайлбарлалаа. Түүний илтгэл оролцогчдыг багагүй сэргээсэн.
Тэрбээр уурхай дагасан дэд бүтцийн асуудлын хөндөн ярилаа. Уурхай хаагдах үед тэнд ажиллаж байсан иргэд ажилгүй, орлогогүй болох нь нэмэгдэж байгаад санаа зовьнинож байгаагаа хэлсэн юм. Хэдий уурхайн нөөц дуусаад хаагдсан ч өөр ажил хийж болох, хөрвөн чадвартай ажлын байр энэ салбарт үгүйлэгдэж байгааг тэмдэглэлээ. Орон нутгийн шинж чанартай уурхайд бол дээрх байдал түгээмэл үзэгдэл гэлээ.
Эрээний уурхай нөхөн сэргээлт жишиг болох уу, жишээ юу
Булганы төвөөс Эрээний уурхай хүрэхэд ойролцоогоор 95 км. Өмнөх өдрийн хурлаар чуулганыг зохион байгуулах компани өөрийн нөхөн сэргээлтээ “найз нартаа” сүрхий сайн “рекламдсан”. Түүнийг нь үзэхээр Эрээний уурхайд очсон юм. Уулын оройгоор будан нүүгээд, тэнгэр нэг л сүүмгэр. Даармаар ч юм шиг болно. Уул уурхайн салбарт нэгэн шинэ орд баяртайгаар тууз хайчлан мэндэлж, бас нөгөө нь алдаа, оноотой хаадаг байна. Хаасан уурхайн төсөөлөл мэдээж манайд хар бараан талдаа. Харин Австралид ногоон, манайхтай хамгийн ойр буй ӨвөрМонголын Ордост ногоон бүтээн байгуулалт өрнөж байна.
Эрээний уурхайн эдгэсэн газар эрүүл газартай яахан дүйцэх билээ. Харахад сайхан л боловч цаана шаналж буй мэт. Нэг л амьгүй, дүнсгэр. Амьд байгал хэзээ ийм байлаа. Мэс засалд орсон газрын хөрс хүүхдийн зулай шиг эмзэг. Хэзээ эртний төрхөө олох бол гэмээр сүргүй. Гэхдээ л тэнд нөхөн сэргээлтийн үр өгөөж илхэн. Манайд харанхуй нүх, овоолсон шороо хэвээр үлдсэн хэчнээн газар орон байгаа билээ. Өвс ургамал тариад, худаг гаргасан нь хэд билээ. Хариуцлагагүй уул уурхайг хөхүүлэн дэмжигч нь хэн байдаг билээ. Эрээний уурхайн дарга Б.Батмөнх хэлэхдээ “ Хуучин олборлолт явуулж байсан 18 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 15-гад нь техникийн нөхөн сэргээлт хийсэн. Гурван жилийн дараагаас биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайг чөлөөлж малын бэлчгээр болгох юм. 12 нэр төрлийн өвсний үр суулгасан. Мониторингийн судалгаа явуулж байна. Ус, хөрсний дээжийг байнга авч байгаа. Эхний хоёр жилд байгалийн шалгарал явагдах байх” хэмээн онцлов. Уурхай 1.5 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан байна. Малын бэлчээр болох учраас гар носастай гүний худаг гаргаж, 1.5 метр гүнтэй цөөрмийг байгуулжээ. Мөн нутгийн иргэдээс судалгаа авч, тэдний саналаар хаагдсан уурхайг малын бэлчээр болгохоор нөхөн сэргээлтийн ажил өрнүүлсэн гэв. Нүүрснийй цооног байсан газраа тэгшилж, зургаа, наймдугаар сард үр суулгаж, талбайгаа ургамалжуулсан ажээ. Газрын шарх аних нь цаг хугацааны жам бус, хариуцлагын дэвшил юм байна. уул уурхайн компани бүр хариуцлагатай байхад л болох аж. “Дор буй баялгийг нь аваад хаях бус эргээд үр хойчид үлдээх учраас, өвлөгдөх болохоор нөхөн сэргээлтийг нүд хуурахгүй хийвэл болж байна” хэмээн Сайхан сумын иргэд сэтгэл тэнэгэр байв.
“Пийбоди” компанийн нөхөн сэргээлт гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад жишээ болох нь дамжиггүй. Өмнө нь хэд хэдэн уурхайн хаалт, нөхөн сэргээлтэд очиж байсан гэх “Монгол газар” компанийн уурхайн дарга М.Цагаан Пийбоди компанийн нөхөн сэргээлтийг үзээд “Жишиг болохгүй ч жишээ юм даа” хэмээн дүгнэсэн. Мань хүн хэлэхдээ “АНУ өөрсдөө дэлхийд № 1 байхыг хүсдэг шиг нөхөн сэргээлт ч мөн адил ийм байна гэж бодсон ч санаанд хүрсэнгүй” гээд чамлангуй байна билээ.
Намрын өнгө...
Булганы сайхан намарт хоргодон, хоргодсоор хотод ирлээ, бид. Сайхны айраг ч өтгөрөөд. Өглөөдөө намрын мөнгөн хяруу нь дарайгаад. Гүүн зэлнээс унага үүрсээд л. Уул уурхай, улс төргүй малчны хотонд намрын өнгө туяараад. Нөхөн сэргээлт, уурхайн хаалт аль алийг нь мартмаар хөдөө нутагт дахиад л нэг шинэ орд төд удалгүй илэрч, эргээд л бид нөхөн сэргээлт үзэх гэж ирж магадгүй. Ирэх жилийн “Уурхайн хаалт ба нөхөн сэргээлт” чуулган Эрдэнэтэд болохоор товлогдсон. Энэ удаагийн чуулга уулзалт уул уурхайн салбарынхныг илүү хариуцлагатай, хоорондоо хамтарч нэгдэх, салбарынхаа тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгын дор болж өндөрлөсөн юм. Үр дүнд нь мэдээж дараа, дараачийн олон уурхайн нөхөн сэргээлтээр илэрнэ байх. Дүгнэлт хийхэд ч эрт байна. Булган хангайд уул уурхай бол шинэ үзэгдэл биш юм байна. Уурхай дагасан амьдрал ч сонин, содон юмгүй. Уурхай дагаж хангайнхан хошуурч гүйгээд байдаггүй нь авууштай чанар гэлтэй. Намрын тэнгэр явахад гиймэл, буцахад сүүмгэр байв. Замын туршид хадлагаа хурааж буй намрын өнгө, өвс ачаалсан машин тасарсангүй. “Ямар азаар энд бид төрөө вэ”.
“Ардчилал” сонин 2010 он